1206 онд Онон голын эхэнд их хуралдай хуралдаж, Тэмүжинийг Чингис хаан хэмээн өргөмжилсөн. Ингэж Их Монгол Улс байгуулагдсан.
Оргил үедээ Их Монгол Улсын нутаг Японы тэнгисээс Зүүн Европ хүртэл үргэлжилж байв. Түүхчид үүнийг нутаг дэвсгэр нь тасралтгүй үргэлжилсэн хамгийн том эзэнт гүрэн гэж үздэг. 1259 онд Мөнх хаан таалал төгссөний дараа хаан ширээний төлөө тэмцэл өрнөж, XIII зууны эцэс гэхэд эзэнт гүрэн Алтан Орд, Цагаадайн улс, Ил хаант улс, Юань гүрэн гэсэн дөрвөн улсад хуваагдсан. 1368 онд Мин улсын цэрэг Дайдуг (одоогийн Бээжин) эзлэхэд Юань гүрний хаад умард зүг буцаж, Монгол нутагт Умард Юань нэрээр төрөө үргэлжлүүлсэн.
Энэ үеийн түүхийн хамгийн чухал эх сурвалжийн нэг бол «Монголын нууц товчоо». XIII зуунд нэр үл мэдэгдэх зохиогчийн бичсэн энэ бүтээлийг монгол хэлээр бичигдсэн, бидэнд хүрсэн хамгийн эртний уран зохиолын дурсгал гэж үздэг. Чингис хааны угсаа гарал, бага нас, 1206 онд хаан өргөмжлөл хүртсэнийг өгүүлээд, Чингис хаан болон Өгөдэй хааны байлдан дагуулалтыг тоочиж, Өгөдэй хаан өөрийн үйлсийг дүгнэсэн үгээр төгсдөг.
Бүтээлийн төгсгөлд хулгана жилийн зуны дунд сард, их хуралдай хуралдах үед Хэрлэн голын Хөдөө аралд бичиж дуусгасан гэж тэмдэглэсэн байдаг. Энэ хулгана жил аль он болохыг судлаачид 1228, 1240, 1252 гэх мэтээр өөр өөрөөр тогтоодог.
Монгол бичгээрх эх нь олдоогүй. Өнөөдөр бидэнд хүрсэн эх нь Мин улсын үед монгол үгийг хятад үсгээр тэмдэглэж, хятад орчуулга хавсаргасан хувилбар бөгөөд 12 бүлэг, 282 зүйлтэй.
Энэ хэсэгт Их Монгол Улсын үүсэл, хаадын засаглал, улсуудын хуваагдал, тухайн үеийн эх сурвалжуудын тухай нийтлэлүүд гарна.